Монголд freelancing, "халтуурчин", захиалгын ажил хийх ямар байдаг вэ? Туршлагаасаа хуваалцаарай

Сайн уу. Намайг Соёл-Оргил гэдэг. Programmer мэргэжилтэй ч одоо UI/UX дизайнер-аар ажилладаг. 2014-2019 он хүртэл жижиг , том IT-ын компаниудад ажиллаж байгаад сүүлийн 4 жилийн хугацаанд Монголд технологийн төрөл бүрийн төслүүд дээр хувиараа(freelancing) ажиллаж үзлээ :stuck_out_tongue: Өөрөө ч компани байгуулаад амжсан.

gogo.mn, mobicom, азтай савар, ticket.mn, umpa, global shapers, #CTA, DropBlok.io, TomYo, iVolunteer, ocademy гэх мэт технологийн амжилттай, амжилтүй төслүүд дээр ажилласан. Ямартай ч бүтэн цагаар ажиллаад авдаг байсан сарын цалингаа сардаа хоёр, гурав үржүүлэн олдог болжээ /олдог, олдоггүй үеүд мэдээж бий/. Монголд ажиллахад үнэлгээ муу, мөнгөө өгдөггүй, хариуцлагагүй гэх мэт олон шалтгааныг сонсож байсан ч миний туршлага өөр байдгыг хэлэх нь зүйтэй. Хүний чадварыг бид үнэлдэг болж байгаа. Нэг төсөл дээр 1 сарын хугацаанд зөвхөн UI дизайн дээр ажиллахад 16 саяын үнэлгээтэй гэрээ зурагддаг болчихсон үе юм. /Одоогоор миний топ үнэлгээ/ Энэ бол хувь хүнтэй харилцаж байгаа гэрээний дүн юм. Миний хувьд захиалгын ажил хийж мөнгө олох нь туйлын зорилго байдаггүй бөгөөд сайн технологийн бүтээгдэхүүн гарч ирэхэд хувь нэмэрээ оруулчих юмсан гэж бодож ажилдаа ханддаг. Тэгэхээр та Монголд төслүүд дээр ажиллаж(freelancing) үзэх хүсэлтэй байгаа бол хэрэг болох хэдэн санааг хуваалцъя. Нэлээн дэлгэрэнгүй бичье гэж шийдлээ. Залхаавал уучилж өршөөнө биз ээ.

Дараах үндсэн 3 хэсэгт санаагаа багтаав:

***** 1. Тоглоомын дүрмийг ойлгох ****

***** 2. Ажил олох тухай ****

***** 3. Ур чадвараа ахиулах ****


***** 1. Тоглоомын дүрмийг ойлгох****

Эхлээд хэдүүлээ Монголд юу болоод байгааг анзаарах хэрэгтэй. Саяхан л бид технологиор мөнгө олж болдог тухай бодитоор мэдлээ (lendmn-ий boom). Оргүй хоосноос ганц апп хийгээд компани босч ирж болдог юм байна гэдгийг ойлгоод удаагүй байгаа. Ubcab, Shoppy, Zochil, PickPack, Chimege, Fibo гэх мэт “од” бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд дүрээ богино хугацаанд олж технологи бол ирээдүй гэдгийг бүгдэд сануулаад явж байна. Гадныхнаас хоцорч болохгүй гэсэн итгэл үнэмшил, цаашлаад тэдэнтэй хүч үзэх тухай бодол бидний дотор бий болсон гэхэд болно. Тийм ч болохоор технологийн салбарлуу хөрөнгө оруулах сонирхол бага багаар нэмэгдсээр байна. Энэ өсөн нэмэгдсээр буй ашиг сонирхолыг дунд нь зангидахын тулд технологийн компаниуд хүний асуудлыг сайн шийдлээр шийдвэрлэж орлого олоод, сайн менежмент хэрэгжүүлэн өсч тэлэн дэлхийд ноёрхох(хүч үзэх) гэсэн санааг өвөртлөн явж буй. Нэг талдаа шилдэг санааг хэрэгжүүлж чадаж байвал мөнгө өгөхөд бэлэн шүү гээд зогсож байгаа “мөнгөтэй ах, эгч нар” буюу хөрөнгө оруулагчид(MCS investment, Socratus…). Нөгөө талдаа “миний” санаа л ирээдүйд ална хядна гээд итгэлтэй нь аргагүй зогсож байгаа компаниуд. Хөрөнгө оруулагчдад бодитой орлого, хэрэглээ, өөрчлөлт хэрэгтэй учир технологийн компани хамгийн шилдэг бүтээгдэхүүнийг гаргаж Монголд эхлээд “алаад өгөе” буюу үзүүлэлтүүдээ сайн гаргах гэсэн хүсэл эрмэлзэлтэй эхлэж буй. Энэ нь компанийн үнэлгээтэй шууд холбоотой учир чухал зүйл юм.

Шилдэг бүтээгдэхүүнийг хэн хийх вэ? гэвэл шилдэг баг л хийх нь гарцаагүй. Шилдэг багийг ‘ур чадвар өндөртэй’ мэргэжлийн хүмүүс л бүрдүүлж чадна. Гэтэл хүний нөөцийн хомсдол компаниудын “шүдний өвчин” болж буй. Тиймээс компани ур чадвар өндөртэй ажилтанаа барьж үлдэхийг бүхий л талаар хичээх нь дамжиггүй. Гэхдээ мөнгө гэдэг хязгаарлагдмал нөөц тул ажилтан бүртээ өндөр цалин амлаж чаддаггүй. Илүүг амлах өөр компани гарч ирэх магадлалтай. Эндээс компани арай өөр давуу талыг өөрсдөдөө бий болгохыг хичээж эхлэнэ. Маш тухлаг хотын төвд оффис, зарим өдөр гэрээсээ ажиллах боломж, чөлөөтэй байгууллагын соёл, хаанаас ч ажиллаж болно гэх мэт боломжуудыг ажилтанууддаа санал болгох юм. Энэ нь ч үр дүнтэй байдаг. Гэтэл эдгээр давуу талыг ижил санал болгож буй компаниудын тоо ихссэнээр ажилтануудад олон сонголтууд гарч ирнэ. Энэ эцэс төгсгөлгүй уралдаанд хүссэн ч, эс хүссэн ч компаниуд тэсч үлдэхээр хичээж буй.

Компанийн сонирхол бол сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох болохоос хэн нэгнийг бөөцийлөх тухай асуудал биш юм. Ур чадвартай хүний нөөцийн дутагдал бий болсоноор компанийн бүтээгдэхүүний чанарт сөрөгөөр нөлөөлж, алт шиг цаг хугацааг дэмий үрж буй тул өнөөдөр бөөцийлөхөөс аргагүй байдалд орчихсон гэсэн үг. Өрсөлдөөнд тэсч үлдэхэд та хэрэгтэй байгаа. Тэгвэл энэ байдал нь бид буюу ажилтануудын гарт зарим удирдлагыг өгч байна. Би гэрээсээ ажилламаар байна. Цалингаа нэмэхгүй бол Bye!. Оффисдоо foosball table-тэй болмоор байна. Би ер нь танай ажилтан баймааргүй байна бандиудаа, надтай хамтарч ажилла!(freelancing) гэх мэт.
Яг үнэндээ компанид тухайн ажлууд л сайн урагшилж байвал гүйцэтгэж байгаа хүн нь гэртээ байна уу, оффисдоо байна уу, ажилтан байна уу, гэрээт байна уу хамаагүй юм. Эхэнд хэлсэнчлэн бүтээгдэхүүн цаг алдахгүй, чанартай л хийгдэж байвал та саран дээр амьдардаг харь гарагийн мангас байсан ч ажиллуулахад бэлэн гэсэн үг. Ингээд хэн хэн нь аз жаргалтай болдогийн даваан дээр нэгэн асуудал үүснэ. Компани өөрийн амбицтай төслийг амжилттай болгохын тулд олон төрлийн стратегийг хэрэгжүүлж нөхцөл байдалдаа тохируулан урагшлахыг хүснэ. Гэтэл “саран дээр” байгаа та энэ стратегийн цаад учир шалтгааныг нь ойлгохгүй байх, хурдтай зохицож чадахгүй бол төсөл амжилттай болох уу? гэдэг асуудал үүснэ. Ингээд зайнаас ажиллах ойлголцох, хэмжих менежмент хэрэгжүүлэхийг оролдоно. Оффис дээрээ ч ойлголцоход хүндрэлтэй байхад зайнаас ажиллана гэдэг бол үлгэр домог шиг л сонсогдоно. (Энэ нь манай компаниудын менежментийн чадвар дутуугаас болдог гэж би боддог) Цаг хугацаа бол алт болсон энэ үед ойлголцохгүй 1 өдөр алдахад л бид хичнээн боломжийг дэмий гарын салаагаараа урсгаж буйг компаниуд мэдэж буй тул таныг ирээд уулзаачээ гэдэг шаардлагыг тавих нь зүй ёсных юм. Компанид ур чадвар хэрэгтэй ч явцаа хянаж байхын тулд нэмэлт утгууд ялгаагүй хэрэгтэй болдог. Үүнийг хийж чадахгүйгээс болоод компани удаашралд ороод, чанар алдагдаад байгаа бол оффис дээр суух бүтэн цагийн ажилтан олохыг хичээх нь шударга л зүйл юм. Хэрэв дээрх асуудлуудыг засч сайжруулдаг ажиллах арга барил, харицлагатай байдал, ур чадвар танд байгаа бол компаниуд таныг алган дээрээ бөмбөрүүлэхэд бэлэн гэсэн үг. Ур чадвар тань сул бол компани таниас салахад хохиролгүй бөгөөд таныг өөрсдийнхөөрөө удирдахад хялбар байх болно. Учир нь танд өөр сонголт бага гэсэн үг шүү дээ.

Дээрх нөхцөл байдлыг сайн ажиглаж ойлгож чадвал танд ямар ур чадварууд байснаар илүү их үнэлэгдэж болох тухай ерөнхий дүр зураг буугаад ирэх болно.

Тоглоомын ерөнхий дүрэм

  • Компаниудын зорилго бол од бүтээгдэхүүн/үйлчилгээ бий болгох
  • Компанийн хүсэлд/шаардлагад нийцэж байгаа бол тэд: /shut up take my money/
  • Чадаж байвал хий, чадахгүй бол bye

Тэгэхээр бидэнд байх ёстой:

  • Ур чадвар өндөр байх
  • Эргэх холбоо сайтай байх
  • Хэмжиж болохуйц, удирдаж болохуйц ойлгомжтой байх

Үнэндээ дүрэм их энгийн боловч аль нэг нь муу бол таны хүслээрээ ажиллах боломж хумигдана гэж ойлгох хэрэгтэй. Энгийн санагдаад байвч цаана байгаа агуулгыг чухалчилж бодох хэрэгтэй. Мөн дээрх сул талуудыг үүсгэхээргүй ажиллах өөрийн ур чадвараа байнгын өнгөлж зүлгэж сайжруулж байх нь чухал. Жишээ нь: Та супер дизайнер байлаа ч харилцаа, хандлага муу бол таньтай биш харин арай ур чадвар муу ч харилцаа сайн хүнтэй хамтарч ажиллахыг хүсэх болно.

НӨХЦӨЛ БАЙДЛАА ОЙЛГОЖ ӨӨРИЙГӨӨ ЗӨВ БАЙРШУУЛ

—Үргэлжлэл бий—

4 Likes

1 сар 16 сая ₮ бол өндөр авч ээ.
гэхдээ өмнө хэлсэн шиг нийт сүүлийн 5 жилээрээ ер нь ямархуу байсан бэ?
энэ бусад хүмүүст их сонирхолтой байх аа

Өмнө хэлсэнчлэн би өөрөө захиалгын ажил авах тийм ч дуртай байдаггүй. Учир нь түр зуурын л мөнгө гэхээс үлдэх зүйл багатай санагддаг. Миний сонирхол бол өөрөө шийдэлд нь оролцож, хамтрах.

Тэгэхээр сүүлийн 4 жил тасралтгүй мөнгө олох гэж гүйгээгүй гэсэн үг. Замын зуур орж ирсэнийг нь л хийж байсан. Харин сүүлийн 1 жилд хамгийн идэвхтэй тасралтгүй ажилтай байсан үе. Орлогоо тооцвол 68.3 сая байдаг юм байна.

1 Like

Нэгэнт эхлүүлчихсэн учир дуусгая :sweat_smile:

***** 2. Ажил олох тухай ****

Санаа #1: Хамтрагчийн ард хамтрагч байдаг

Хүмүүс надаас яаж ажил олоод байдаг тухай гайхшрангуй асуудаг. “Нэгийн ард Хоёр байдаг” гэж би хэлдэг. Онгирч күүлрээд байгаа юм биш. Тийм байдагыг мэдэрсэн учраас хэлээд байгаа юм. Хамтарч байгаа захиалагчтайгаа сайнаараа хичээж ажиллаж чадвал дараагийн төслийг чинь тэр хүн олоод ирнэ ээ л гэсэн санаа. Хэлсэн ярьсандаа хариуцлагатай, мэргэжлийн байж чадвал манай түнш өөр хүнд намайг санал болгох нь гарцаагүй юм. Ганцаараа ажил хайж явах нь тийм ч сайн стратеги биш гэж боддог. Түнштэйгээ нийлж ажил хайдаг болох нь чухал. Таны түнш баасан гарагийн орой найзтайгаа пиво шимээд ажил ярин сууж байхдаа нэг нэгэндээ таныг санал болгоно гэсэн үг. Миний өмнөөс борлуулалт хийж өгч байна гэсэн үг шүү дээ.

Санаа #2: Эрэл хайгуул хийх тухай

Хийсэн ажлаа сошиалаар танилцуулж, байгууллагуудруу вэб, апп-ыг шинэчилж өгөх тухай санал явуулах гэх мэт үйлдлүүд хийх нь мэдээж тусаа өгөх нь дамжиггүй. Хийгээд үзэх хэрэгтэй. Миний санал болгох арга бол найзууд, гэр бүл, хамаатан, танилуудаасаа эхлэн ажлууд гүйцэтгэх тухай юм. Би тэднийг сонсож, үгүйсгэлгүй тэдэнд туслахыг хичээдэг. Багахан мөнгө аваад(зарим тохиолдолд үнэгүй) сайнаараа гүйцэтгэж өгөхийг хичээнэ. Амжилттай үгүй нь сонин биш(Амжилттай бол бүр л сайн хэрэг). Чанартай хийсэн ажилтай болох нь чухал. Хийсэн ажлууд дараа дараагийн хэлцэлд ороход гол арыг даах итгэлт анд болдог. Тэдэнд хийсэн зүйлээ л үзүүлдэг. Тэд хараад итгэх итгэлтэй болж байх ёстой. Хийсэн ажлуудаа мэдээж онлайнд байрлуулах хэрэгтэй байх. Надад итгэж болно шүү гэдгийг олон замаар илэрхийлдэг байх тээ. Ядаж л уулзалтандаа цагтаа хичээж очих зэргээс эхлээд жижиг гэлтгүй анхаарах нь чухал санагддаг. Мэргэжлийн байх тухай юм уу даа.

Санаа #3: Ажил голдог тухай

Юу гээч. Зарим хүмүүсийг хараад байхад цаг байхгүй, амжихгүй, бага мөнгөтэй юм байна, санаа нь тэнэг гэх мэт шалтгаанууд хэлж ажлуудаас “зугтдаг” шиг харагдаад байдаг. Би тэдгээр ажлуудыг “Хөөх би чадвараа сайжруулсаны төлөө энэ хүмүүс надад мөнгө төлөх нь байна шдээ” гэж хардаг. Тэнэг санаа байсан ч надад ямар нэг зүйлийг заадаг. Туршлага ирээдүйд их хэрэг болдог тул ажлыг голохгүй хийх л хэрэгтэй шиг. Жич: Гэхдээ ангайсан болгоны ажлыг аваад хийдэг гэсэн үг биш юм л даа. Хариуцлага муу хүмүүстэй хамтрахаас зайлсхийх, буруу аргаар юмсыг хийдэг хүмүүсээс мөн хол байхыг хичээдэг. Тэд буруу аргаар нөлөөлөхийг оролдож магад шүү дээ.

Гол санаа: Сайн гүйцэтгэл урдаа байх ёстой

Мөнгө мөнгө л гээд байдаг. Мөнгө их байх тусам илүү их хичээнэ гэдэг тэнэг бодлыг хаямаар санагддаг даа. Энэ мөнгөний тухай асуудал биш би юу чаддаг юм бэ, энэ төсөлд би хэрхэн эерэгээр нөлөөж чадах юм бэ гэдэг тухай асуудал байх ёстой. Мөнгө л олох гэж үүнийг хийж байгаа гэвэл мөнгө нь их байх тусам би төдий чинээ их хичээнэ гэх утгатай болчихно. Юу ч хийсэн би сайн хийнэ гэдэг өнцөгөөс бол би чадвараа ахиулах тухай, амжилттай төсөлд оролцох тухай яригдана. Эхлээд өг тэгээд ав л гэдэг зарчим.

Миний ажил олдог зарчим ердөө л энэ. Би айхтар олон хүн таньдаггүй. Танилцах гэж бас айхтар гадуур гүйгээд байдаггүй ч хэн хэндээ итгэдэг хэд хэдэн түншүүдтэй. Тэд нар маань хэрэгтэй үедээ холбогддог. Төсөл бүр түншүүдийг бага багаар нэмж л байдаг. Ердөө л энгийн.

Жич: Та авахаа аваад хаяхаа хаяхыг хичээгээрэй. Хэдэн ажил хийснийгаа их юманд бодоод туршлагаа хуваалцаж байгаа ухаантай юм шүү. Гадагшаа ажиллахын тулд тодорхой туршлага танд хэрэгтэй байж магад. Туршлага хуримтлуулах нэг гоё боломж нь хөөрхий нөгөө муу нэртэй Монгол төслүүд дээр ажиллаж үзэх юм гэж бодож тунгааж байна.

2 Likes

Сайн байна уу таньтай яаж холбогдох вэ.