Имэйлээ "хүн шиг" ашиглах талаар

Сурагч, оюутан байхдаа имэйл хаягаа элдэв бусын сайтад бүртгүүлэхэд л ашигладаг байлаа. Тийм болохоор Inbox минь хэрэггүй хогоор дүүрэн, орж үздэг ч үгүй байв. Оффисын ажил хийж эхлээд л хүмүүс имэйлээр ажлаа амжуулдаг гэдгийг харав. Имэйл бичих, имэйлээр харилцах соёлд ч суралцаж эхлэв…

Саяхан захирлаасаа яаж подкастын зочдоо урьдгийг нь асуусан юм. 60%, 70% -ийг нь танилын хүрээгээрээ болгодог, үлдсэн хэсгийг нь зүгээр л имэйл бичиж танилцаад (cold emailing) урьчихдаг гэв. Бизнесээ амжилттай авч яваа хүмүүс имэйлийг зогсоо зайгүй ашигладаг аж.

Захирлын нэг танил нь Даллас Мавериксыг эзэмшигч Марк Кубан руу имэйл бичтэл нөгөөх нь 10 минутын дотор хариу бичсэн удаатай гэж надад бас сонирхуулсан юм. Долларын тэрбумтан хүн шүү дээ. Имэйл харилцаа ямар чухал болохыг эндээс харж болно. Интернэтээр цагийн ажил хийж/хийх-гэж байгаа бидний хувьд бол бүүр хамгийн чухал.

Хэрвээ анзаарсан бол манай онлайн нэгдэлд бүртгүүлэхийн тулд заавал имэйл хаягаа оруулах учиртай. Яахав Google, FB энэ тэрээр нэвтрүүлж болно л доо. Гэхдээ имэйлээ ашиглаж чаддаг байх нь онлайнаар мөнгө олох эхний алхам мөн учир тэр боломжуудыг нэмээгүй юм.

Тэгвэл яаж имэйлээ зөв зохистой, өөртөө ашигтайгаар хэрэглэх вэ?

1. “Хүн шиг” имэйл хаягтай бол

Имэйлээр харилцаж байгаа хүнээ хүндэтгэсэн, өөрийнхөө хэн гэдгийг шууд утгаар нь илэрхийлсэн имэйл хаягтай бол. Жишээ нь naruto666_uuganaa@gmail.com энэ тэр гэсэн марзан хаягаас имэйл ирвэл би лав нэг их чухалчилж үзэхгүй. Харин uuganbayar.ba@gmail.com гэж байвал өөр хэрэг.

Манайхан хүүхэд насандаа үүсгэж байсан имэйл хаягаа орхиж чадалгүй тэрүүгээрээ ажил хэрэг явуулчих гээд үзээд байдаг талтай байдгаа болих хэрэгтэй. Ер нь нэг их олон тоо (bayaraa9999@gmail.com гэх мэт), үсэг (bayaraagggggg@gmail.com гэх мэт) имэйл хаягийг мэргэжлийн бус харагдуулдаг.

2. Их цэвэрлэгээ хий

“Хүн шиг” имэйл хаягтай боловч inbox чинь элдэв янзын сайтуудын сурталчилгаа имэйлээр дүүрсэн бол одоо эхнээс нь цэгцлэх хэрэгтэй. Гэхдээ бүгдийг нь тэр чигт нь шууд устгалгүйгээр имэйл тус бүр рүү нь ороод “Unsubscibe” эсвэл “Email Preference” энэ тэр гэсэн холбоос дээр нь дараад тухайн газраас дахиж имэйл хүлээж авахааргүй болговол их зүгээр. Эс тэгвэл дараа нь дахиад л цэвэрлэх хэрэгтэй болно гэсэн үг. Ийм холбоос байхгүй бол шууд “Report spam” товчлуур дээр дараарай.

Ингээд нэг цэвэрлээд авчихсан байхад дотор цэлмээд л сайхан болдог шүү. Чухал имэйлүүд чинь хэрэггүй юмсын дунд дарагдахгүй амар болно гэсэн үг. Бас имэйлээ илүү үр дүнтэйгээр ашиглаж эхлэхэд ч тустай.

3. Имэйлээ зөв бүтэцтэй бич

  • Recipients/To - Захидлаа явуулах хүний чинь имэйл хаяг энд бичигдэнэ. Нэг захидлыг олон хүн рүү зэрэг явуулах бол бүгдийг нь биччихэж болно. (BCC/CC энэ тэрийг бол яваандаа өөрөө ашиглаад эхэлнэ биздээ)
  • Subject - Захидлын чинь гарчиг, үндсэн зорилго гэсэн үг. Subject дээр “сайн байна уу” л гэж битгий бичиж үзээрэй дээ :expressionless: (харамсалтай нь манайхны гаргадаг түгээмэл алдаа). “12 сард болох бизнес уулзалтын талаар”, “Нөхөн төлбөрийн талаар” гэх мэтээр яг захидлынхаа зорилгыг бичих хэрэгтэй. Би лав зүгээр л “Hi” гээд биччихсэн имэйл мөн ч их хүлээж авсан даа. Ер нь бол бүдүүлэг санагддаг шүү.
  • Body - Үндсэн захидлын чинь агуулга энд байна. Эхлээд нөгөө хүнийхээ мэндийг мэд, тэгээд яг үндсэн асуудлаа олон таван үггүй бич. Төгсгөлд нь заавал талархсанаа илэрхийл (учир нь чиний захидлыг хүлээн авч байгаа хүн өөрийнхөө алтан цагийг хумслаад бичсэн юмыг чинь уншиж байгаа). Ингээд гүйцээ. Амархан л байгаа биздээ?

4. Шинэ мөр, зайг сайн ашигла

Дараах жишээ имэйлийг харна уу:


image


Яг адилхан бичвэртэй боловч шинэ мөр, зай зэргийг ашигласан хувилбар:


image


Аль нь илүү уншихад ойлгомжтой, цэгцтэй байгаа нь илт харагдаж байна шүү дээ. Иймээс имэйлийнхээ эхлэл, өрнөл, төгсгөлийг зайгаар тусгаарлаж, бүтэцлэж байгаарай. Олон имэйл хүлээн авдаг хүний хувьд ингээд бүтэцлэсэн имэйлийг уншихад таатай байдаг, бас илгээсэн хүнийг нь ч доогуур үнэлэхгүй нь лавтай.

5. Битгий “сийнд” (seen -д)

Хүнээс юм асууж хариу авсныхаа дараа заавал талархал илэрхийлж сураарай. Зарим хүнд өчнөөн цаг заваа зарцуулж зөвлөгөө өгсний дараа нөгөөх нь талархсан имэйл ч байхгүй алга болчихдог. Би ганц имэйлээр дутаагүй л дээ. Гэхдээ л талархаж мэдэхгүй байна гэдэг бол маш буруу хандлагын илрэл юм.

Хүмүүнлэгийн тусламжийн хүнс, бараа авчхаад албатай юм шиг сэхүүн зогсож байдаг, ганц үг ганхийдэггүй хүмүүс захын хорооллуудаар их байдаг талаар сонсож л байсан биздээ? Ядуурал буруу хандлагыг бий болгодог байж магадгүй, харин буруу хандлага бол ядуурлаар тогтохгүй хорвоогийн хамаг л муу муухайг эзэндээ татдаг соронз билээ…


@mentorship - энэ алхмыг заавал хэрэгжүүлээрэй. Бас над руу нэг имэйлээр тест байдлаар явуулаарай :grinning:

17 Likes