Гэрээсээ гадаадад ажиллахад шаардагддаг нэг чухал зүйл бол хувийн сахилга бат юм. Хувийн сахилга баттай болохын тулд юун түрүүн ажлын/суралцах цагаараа сатааралгүйгээр хийнэ гэсэн зүйлсээ хийж чаддаг болох хэрэгтэй.
Ажлын цагаар Youtube дээр ярилцлага үзчихсэн, эсвэл Facebook ухсан шиг сууж байдаг хүмүүсийг харж л байсан биз? Ажил, хичээлдээ тийм хандлага гаргаж байгаа хүн лав олон улсын зах зээл дээр өрсөлдөж, ур чадвараа үнэлүүлж чадахгүй л болов уу.
1. Өөрийн гэсэн ажлын дүрэмтэй бол
- Зөвхөн ажлаа хийж дуусгасан үедээ сошиал сайтууд руу орно
- 4 цаг тасралтгүй ажилласныхаа дараа Facebook орж болно
- Үдээс өмнө сошиал орохгүй
гэх мэтийн дүрмийг өөрийнхөө нөхцөл байдалд тааруулж зохиогоод түүнийгээ мөрдөөд явах хэрэгтэй. Эдгээр дүрмээ нэг газар бичээд өдөр болгон өөртөө сануулж байвал зүгээр.
2. Юуны төлөө ажиллаж/хичээллэж байгаа вэ гэдгээ тодорхойл
Аливаа ажлыг ямар ч зорилгогүй хийхээр цаанаасаа л нэг лазан хөдлөөд байдаг. Харин уг ажлыг хийснээрээ, энэ зүйлийг сурснаараа яг юунд хүрэх гэж байгаагаа тодорхойлчихсон байвал арай өөр шүү.
“Тодорхойл” гэдэг нь зүгээр л
“Өө, ингэсхийж байгаад би ер нь 2 жилийн дараа гадагшаа явж сургуульд сурна гэж бодож байгаа шдээ”
гэх мэтийн тойм, бүдүүн баараг, бодол төдий юм байж болохгүй. Харин түс тас хийсэн, маш тодорхой өгүүлбэр байх хэрэгтэй. Жишээ нь:
“Би өдөр болгон өөртөө цаг гаргаж шалгалтдаа бэлдээд 2025 оны хичээлийн жилд Торонтогийн их сургуульд сэтгэл зүйч мэргэжлээр суралцаж эхэлнэ”
Энэ хоёр өгүүлбэрийн аль нь арай итгэл үнэмшилтэй сонсогдож байна? Аль нь таныг ӨНӨӨДӨР ажил, хичээлээ хийхэд тань урам зориг өгөхөөр байна? Бодоод үзээрэй. Тэгээд өөрийнхөө зорилгыг яг ийм тодорхой байдлаар цаасан дээр бич!
3. Помодоро хэрэглэ
25 минут ажлаа хийгээд 5 минут амарна. Компьютер дээр ажиллаж байгаа бол 5 минутын амралтынхаа үеэр заавал босож явах хэрэгтэй. Яваад ус уу, эсвэл цонхоор гадагшаа хар. Гол нь 25 минут ажиллах үедээ нэг ч удаа сатаарахгүй байхыг хичээгээрэй. Сатаармаар санагдвал цагаа хараад “одоо хэдхэн минут үлдсэн байна” гэж өөртөө хэлээд үргэлжлүүлж ажлаа хийгээрэй.
Байн байн утсан дээрээ цаг тавиад байх нь төвөгтэй учир зөвхөн помодород зориулсан апп, программ хэрэглэвэл зүгээр. Миний хувьд toggl гэдэг программыг сүүлийн 4 жил хэрэглэж байна. Гар утасны апп нь ч байдаг шүү.
4. Юм сонс
Толгой доторх элдэв бодлын чинь чимээг намдаахад тустай. Гэхдээ дуртай дуугаа сонсоод аялаад явчихвал горьгүй. Өмнө нь огт сонсож байгаагүй шинэ дуунууд, сонгодог хөгжим эсвэл зүгээр л байгалийн чимээ сонсвол их нэмэртэй байдаг.
Миний хувьд myNoise гэх сайт дээрээс жинхэнэ борооны чимээ сонсох дуртай.
5. Толгойгоо амраа
Дээрх бүх аргыг хэрэглэсэн ч хийж байгаа юм чинь нэг л явж өгөхгүй, бүүр нэг цаанаасаа дургүй чинь хүрээд байвал гадаа гараад сайхан алх, гэрээ цэвэрлэ, эсвэл биеэ хөдөлгөж өөр ямар нэг юм хий.
Тэгээд хэсэг хугацааны дараа дахиад нэг ажилдаа анхаарал төвлөрүүлэх гээд үзээрэй.
Та бүхэн ч гэсэн ажлаа сатааралгүй хийхэд тань тусалдаг арга барилуудаасаа хуваалцаарай