0. Оршил
Би 2017 оноос хойш WordPress.com -ийн Англи → Монгол орчуулгыг сайн дураараа хийж байгаа юм. Тэгээд 18 онд ОУ -ын харилцаа хариуцсан баг руу нь имэйл бичиж байгаад Монгол орчуулгынх нь Validator (баталгаажуулагч) болсон.
Анх ингэж эхлэх болсон шалтгаан нь WordPress.com -ийг хөгжүүлдэг компани болох Automattic -т ажиллах мөрөөдөлтэй байсных. Эдний ажилтнууд хоорондоо зөвхөн текстээр харилцдаг, бас аль ч цагийн бүсээс ажиллахыг зөвшөөрдөг 100% remote компани болохоор, бас лав л сүүлийн хориод жилд интернетийн чиг хандлагыг тодорхойлсон томоохон төслүүдийн (WordPress, WooCommerce, гэх мэт) ард байдаг компани болохоор нь сонгосон юм.
1. Бэлэг
Тэгээд “ирээдүйд” орох компанидаа эртнээс сайн дураараа ажиллаж байя гэж шийдсэн хэрэг. Гэтэл жил гаруйн турш, ажлын өдөр бүр орчуулга хийсний дараа ийм имэйл ирж байна:
Имэйл нь:
WordPress.com -ийн орчуулганд тусалсанд баярлалаа, та энэ холбоосоор орж судалгаа бөглөөд бидний талархсан сэтгэлийн илэрхийлэл болсон бэлгийг аваарай
гэх маягийн утгатай
Бөглөөд явуултал хэдэн сарын дараа ийм дугтуйтай захидал гэрийн хаягаар ирсэн:
Үүнд нь:
- WordPress.com -ийн хүссэн багцаа нэг жил үнэ төлбөргүй ашиглах эрх (жилд $300 хүртэл хөнгөлөх боломжтой гэсэн үг)
- WordPress Swag Store -оос $50 -оор хувцас, эд зүйлс авах эрх
- Талархлын зурвас
зэрэг зүйл байгаа юм. Ингээд бүүр урамшсан хүн чинь одоог хүртэл өдөрт 5 өгүүлбэр орчуулдаг хэвээрээ л байгаа. 2019, 2020, 2021 онд яг ийм бэлэгнүүд авсан
Жилийн $300 -ийн төлбөртэй Бизнес багцаа $0 -оор авсан байдал:
WordPress Swag Store -оос үнэгүй авсан пудволкууд:
2. Яагаад?
Ер нь бол одоо Cloud үйлчилгээнүүд эрчийг авч байна. Ирээдүйн чиг хандлага ч тийм байна. Өөрөө host худалдаж аваад л, дээр нь сервер, WordPress энэ тэр суулгаад явдаг үе ард хоцорчээ. WordPress.com “боломжийн” үнэтэй, маш сайн засаж янзлах боломжтойгоор вэб сайтаа ажиллуулах боломжийг хүмүүст олгодог юм. Бас нээлттэй эхийн төсөл гэж байгаа.
Энэ боломжийг илүү олон Монгол хүмүүс хэрэглэдэг болохын тулд бүрэн Монгол орчуулгатай байвал сайхан биш гэж үү?
Одоогийн байдлаар WordPress.com -ийн Монгол орчуулга дөнгөж 17% -тай, доогуур явж байна (би 4 жилийн турш 3500 орчим мөр орчуулсан боловч)
(Анх Монгол хэл маань энэ жагсаалтын нэлээн даагуур байсан юм. Ганцаараа ч болтугай, хэдэн арван жил шаардагдах байсан ч хамаагүй бүгдийг нь орчуулна гэж 4 жилийн өмнө анх шийдэж билээ)
Бүгдээрээ энэ хувийг 90 давуулах гээд, дэлхийн бусад өндөр хөгжилтэй орнуудтай өрсөлдөх гээд үзэх үү? Англи хэлний чадвараа сайжруулангаа бэлэг аваад, бас нийтийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулаад үзвэл ёстой л win-win биш гэж үү?
3. Яаж?
- https://translate.wordpress.com/projects/wpcom/ руу ороод Log in хийгээрэй (WordPress.com -ийн бүртгэл байхгүй бол шинээр үүсгээрэй)
- Нэвтэрснийхээ дараа Locales < Mongolian < View Stats < WordPress.com < GlotPress руу ороод орчуулахыг хүссэн хэсгээ сонгоно
- Орчуулахыг хүссэн мөрийнхөө арын “Double-click to add” гэсэн хэсэг дээр давхар товшиж ороод орчуулгаа бичнэ:
- Орчуулгаа бичээд “Add translation” дээр дараад л болоо.
Ийм маягаар өдөрт 5 → 10 мөрийг орчуулаад зуршил болгочиход л болно. Миний хувьд өдөр тутмын хүснэгт дээрээ энэ ажлыг нэмчихсэн бөгөөд ажлын өдөр бүр 5 мөр орчуулдаг юм.
Хамтдаа урагшаа!