Ур чадвараа дэлхийн хэмжээнд үнэлүүлье гэвэл “өдөр бүр, бага багаар” өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Бусад хүмүүс шиг дэмий зүйлсэд цаг, мөнгөө үрэлгүйгээр “Өөрийгөө хөгжүүлэх” гэх үйлдлийг өдөр тутмын зуршил болгох хэрэгтэй.
1. Яагаад зуршил гэж?
Зуршил бол таны “автомат жолоодлогын горим” (autopilot) юм. Хүний өөрийгөө удирдах хүч (willpower) өглөө сэрэхэд дүв дүүрэн (шөнө нь сайн нойр авсан бол) байдаг бол өдрийн турш багассаар орой болохын алдад бараг л дуусчихдаг. Энэ нь шинэ зүйл турших, өөрийгөө хүчилж ажилдаа анхаарал хандуулах, нийгмийн хэв журмын дагуу боловсон байх гэх мэт та бидний өдрийн турш хийдэг түмэн янзын үйлдэл бүрт хэмжээний энерги зарцуулагддагтай холбоотой. Юунд ч энерги зарцуулдаггүй байсан бол орой унтах ч шаардлагагүй болох биз ээ
Харин хүмүүс өдөр тутам хийгээд зуршчихсан зүйлсээ ямар ч илүү энерги зарцуулалгүй, бараг юу ч бодолгүй хийчихдэг. Жишээ нь өглөө босоод нүүр гар, шүдээ угаах; гадуур хувцсаа өмсөх; уйдсан үедээ утсаа гаргаж ирээд IG, FB орох гэх мэт.
Тэгэхээр өөрт ашигтай зүйлсийг өдөр тутам бага багаар хийсээр ийм хэвшил болгох боломжтой! Жишээ нь өглөөний цайгаа уучхаад англиар ном унших, орой ажлаа тарсны дараа 15 минут онлайн сургалтад суух гэх мэт.
Эхний хэдэн долоо хоног өөрийгөө хүчлэх боловч, удалгүй шүдээ угаахтай ижил хэмжээний энерги зарцуулдаг хөнгөхөн ажил болж хувирна. Ингэснээр өдрийн туршид энергийн түвшингөө “улааруулчихгүй” байлгаж чадна гэсэн үг
Биеэ зовоолгүйгээр өөрийгөө тогтмол хөгжүүлэх хамгийн шилдэг арга бол зөв зуршлуудтай болох явдал юм.
2. Яагаад өдөр бүр гэж?
Ихэнх оюутнууд хичээлээ хийхгүй явж явж байгаад гэнэт шалгалтын өмнөх өдөр шөнөжин сууж бүх зүйлсийг нэг дор хийх гэж оролддог (cramming). Шалгалтдаа гайгүй оноо авч болох ч шалгалт дууссаны дараа мэдлэг гэхээр юм үлдээгүй байдаг.
Мэдлэг, ур чадвар бий болоход хугацаа шаардагддаг. Тоосгон хана босгохтой зүйрлэвэл зуурмагаа хатаагүй байхад нь давхарлаж бариад байвал нураад өгнө. Харин бага багаар баривал бат суурьтай хана болдог.
Ганц өдөр суугаад 3 цагийн турш англи хэлээ давтсанаас 6 өдрийн турш, өдөрт 30 минут давтсан нь хамаагүй илүү байдаг (адилхан л 3 цаг боловч).
Мөн өдөр бүр нэг зүйлээ, нэг цаг мөчид хийгээд байх нь зуршил тогтоох хамгийн шилдэг арга юм.
3. Яагаад өдөр тутмын зуршлын хүснэгт ашиглана гэж?
Үр дүн биш “Үйл явц” хамгийн чухал нь! Жишээ нь чи өөртөө “Би гэрээсээ гадаадад ажилладаг болно” гэх зорилго тавьсан бол тэр хэтийн зорилгодоо хүрэхэд чинь туслах хэд хэдэн юмсыг (англиар унших, бичих, сургалтын бичлэг үзэх гэх мэт) тодорхойлсон байх хэрэгтэй. Тэдгээрийгээ өдөр бүр жаахан жаахан хийх нь чиний зорилт болно гэсэн үг.
Ингэж өдөр тутмын зорилт тавихгүй бол өдөржин “өнөөдөр зорилгодоо хүрэх талаар юу ч хийж чадсангүй” гэх мэтээр шаналж стрессдэх гээд байдаг.
Яг хийх зүйлсээ тодорхой бичсэн хүснэгттэй болчихвол, өдөр тутамдаа бөглөөд явчихвал тэр сэтгэлийн зовиураас сална гэсэн үг. Өнөөх шаналгаатай бодол чинь “Өнөөдөр би зорилгодоо хүрэхийн тулд хийх ёстой бүх зүйлсээ хийгээд, хүснэгтээ бөглөчихсөн” гэх өөдрөг бодлоор солигдоно. Илүү санаа амар болно гэсэн үг.
Жишээ нь миний хөтөлдөг хүснэгт нэг иймэрхүү харагддаг:
4. Хүснэгтээ яаж ашиглах вэ?
Дараах холбоосоор ороод жишээ хүснэгтийг хараарай.
File → Make a copy
гэж сонгоод өөрийнхөө хүссэн хэлбэрээр ашиглах боломжтой.
Багануудын тайлбар:
- № - Зорилгодоо хүрэхээр хичээсэн хоногийн тоо болж үлдэнэ. “1000 өдрийн дотор онлайнаар ажилладаг болно” гэх мэтээр тодорхой зорилго тавихад ч тустай.
- Date - Огноо
- Тэмдэглэл, зүүд - Бүтээмжтэйгээ холбоотой шинэ олж мэдсэн зүйлс энэ тэрээ бичвэл зүгээр, нэмээд зүүдний тэмдэглэлээ бичсэн ч болно.
- Meditation - Өдөр бүр бясалгал хийх нь бүтээмж, эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй
- Body - Өдөр бүр 15 → 45 минут дасгал хөдөлгөөн хийх нь мөн л бүтээмж, эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй
- Eye - Ихэвчлэн компьютер дээр ажилладаг бол өдөр бүр нүдний дасгал хийхтүн! Нүдээ амрааж, халамжилж байхгүй бол сохрох ч эрсдэл бий!
- Reading - Өдөрт дор хаяж номын ганц бүлэг унш. Сэтгэлийн цэнгэл эдлэх үүднээс уран зохиолын ном уншиж болно, ур чадвар, өөрийгөө хөгжүүлэх үүднээс баримтат уран зохиолын ном уншсан ч болно. Уншихгүй бол сэтгэхгүй!
- Writing - Англиар өдөр тутамд ганц өгүүлбэр ч болтугай хэлхээд бичиж байх хэрэгтэй.
- Learning - Өдөрт нэг шинэ юм сурч ав (онлайн сургалтын нэг хичээл үзсэн бол, шинээр сурч байгаа хэлээрээ нэг өгүүлбэр уншсан бол үүнийг чагтлаад явчихдаг)
- Focused hours - Төвлөрч ажилласан, өөрийгөө хөгжүүлэхэд зориулсан цагийн тоо
- Re-focused count - Анхаарал сатаарлыг даван туулж чадсан тоо (Жишээ нь: яг сайхан юмаа хийж байхад чинь гэнэт комеди үзмээр санагдлаа гэж бодъё. Сатааралгүйгээр ажлаа, юмаа үргэлжлүүлэн хийж чадсан бол энэ тоог нэгээр нэмнэ)
- Distracted count - Сатаарлыг давж чадалгүй хөтлөгдөөд явчихсан бол энэ тоог өсгөнө
- Woke up - Өглөө хэдэд боссон вэ? (Өглөөний хүн болох гэж байгаа бол энэ тоо хамгийн чухал. Мөн дээр нь нэмээд өмнөх орой нь хэдэд унтсанаа бичвэл их зүгээр. Орой эрт унтах нь өглөө эрт босохоос илүү шүү)
Дээрх баганууд дээр нэмж болно, заримыг нь хасч ч болно. Хамгийн гол нь өглөө бүхэн орж шинэ өдрөө нэмдэг, өдрийн турш харьцаж бөглөдөг болох хэрэгтэй. Асууж тодруулах зүйлс байвал асуугаарай
@mentorship - Дасгалжуулалтын хөтөлбөрт хамрагдсан гишүүн маань бүгд хэрэгжүүлж үзээрэй